ӨВӨРХАНГАЙ: Аймгийн бүх салбарын мэдээллийг багтаасан аппликейшн үүсгэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2024-03-28 06:52:02

Арвайхээр, 2024 оны гуравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймаг 2024 оныг “Цахим шилжилтийг эрчимжүүлэх жил” болгон зарласан. Зорилтот жилийн нээлтийн үйл ажиллагааг өнөөдөр зохион байгуулж, төр, хувийн хэвшлийн төлөөлөлд холбогдох мэдээллийг өглөө.


Зорилтот жилийн хүрээнд цахим дэд бүтэц, систем хөгжүүлэлт, иргэдийг чадавхжуулах гэсэн гурван чиглэлд анхаарч ажиллах юм. Төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг эрчимжүүлж, иргэдэд нэг цонхоор үйлчлэх нь зорилтот жилийн нэн тэргүүний ажил бөгөөд өнөөдөр “Цахим төв”-ийг байгуулж, иргэдэд сурталчиллаа.



Тус төвд төр, хувийн хэвшлийн 60 гаруй байгууллагын 600 орчим үйлчилгээг багтаасан ТҮЦ машин, ХУР-ДАН систем, арилжааны дөрвөн банкны АТМ-ыг байршуулж байна. Мөн “E Mongolia”-д өнгөрсөн жил 67 үйлчилгээг нэвтрүүлж байсан бол энэ удаа 70 гаруй үйлчилгээг нэмэх, нийтийн эзэмшлийн талбай, цэцэрлэгт хүрээлэнг чөлөөт цахим сүлжээнд холбох, мөн хөдөөгийн 10 багийн нутагт үүрэн холбооны сүлжээг нэвтрүүлэх, сумдыг шилэн кабельд холбох төлөвлөгөөтэй байна.


Түүнчлэн Дата төвийн салбарыг нээж, gov.uvurkhangai гар утасны аппликейшн үүсгэнэ. Үүнд төр, хувийн хэвшлийн салбарын бүх төрлийн мэдээллийг байршуулах ба “E-Mongolia”-ийн нэг цонхыг оруулж өгөх юм. Уг ажлын сонгон шалгаруулалтыг ЦХХХЯ-наас зарлаад байгааг аймгийн Засаг дарга И.Доржсүрэн хэллээ. 


Мөн төрийн бүх мэдээллийг цахим орчноос авах боломж бүрдсэн ч иргэд төдийлөн мэдэхгүй байгаа учраас иргэдийг чадавхжуулах, мэдлэг мэдээлэл олгох асуудал хамгийн чухал болохыг аймгийн ИТХ-ын дарга О.Пүрэвдорж хэлж байлаа. 

Холбоотой мэдээ