“Спартак” балетыг таван жилийн дараа дахин тоглоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-03-29 09:59:01

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Хөгжмөөр амьдралын баяр баясгалан, хайр дурлал, дайн тулаан, хагацлыг хүчтэй, хурц, өнгөлөг, яруу тодоор илэрхийлдэг хөгжмийн гайхамшигт бүтээл гэж дэлхий дахинаа өндрөөр үнэлэгддэг “Спартак” балет таван жилийн дараа дахин үзэгчдийн хүртээл болно. 


Тодруулбал, ирэх сарын 6, 7-нд Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид энэхүү бүжгэн жүжгийг тайзнаа амилуулах нь ээ. XX зууны шилдэг балетын нэг гэж үздэг “Спартак” нь 2000 жилийн тэртээх эртний Ромын соёл, мэсчин боолуудын хэрцгий тулаанаар баяр цэнгэл хийгч дарангуйлагчдын амьдралын хэв маяг, зоригт эрийн манлайлан удирдсан боолуудын бослого, түүнийг зэрлэгээр нухчин дарсан бодит бөгөөд эмгэнэлт үнэнийг бүжгэн жүжиг, сүрлэг хөгжмөөр илэрхийлсэн гайхалтай бүтээл юм.  


Спартак балет нь жүжигчдээс мэргэжлийн өндөр ур чадвар, нэн ялангуяа драматизмыг нарийнаар шаарддаг, драм, бүжиг, хөгжмийн цогц бүтээл гэдгээрээ бусдаас ялгардаг билээ. Тус балетын цомнолыг Рафаэлло Джовавелийн “Спартак” зохиолоос сэдэвлэн Н.Волков, А.Хачатурян 1954 онд хөгжмийг бичиж, балетмейстер Л.Якобсон Кировийн театрт 1956 оны 12 дугаар сарын 27-нд анх дэглэн найруулж тавьсан юм. Алдарт балетмейстер Юрий Григорович Москвагийн их театрын тайзнаа 1968 онд шинээр дэглэн найруулж, ХХ зууны шилдэг балетын жагсаалтад оруулсан түүхтэй.  


Манай театрын тайзнаа анх 1984 оны тавдугаар сарын 5-ны өдөр тоглосон түүхтэй. Тухайн үед Хөдөлмөрийн баатар Б.Жамьяндагва хөрвүүлэн дэглэж, тайзны ерөнхий  зураачаар Ардын зураач Ч.Гунгаасүх, удирдаачаар гавьяат жүжигчин Ж.Чулуун нар ажиллаж байжээ. Үүний дараа 2012 онд сэргээн тоглоход гавьяат жүжигчин Х.Гэрэлчимэг дэглэн найруулж, ерөнхий  зураачаар урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Ганбаатар, удирдаачаар урлагийн гавьяат зүтгэлтэн Н. Туулайхүү нар ажилласан.

Сонирхуулахад, дэлхийн балетчдын мэргэжлийн ур чадварын илэрхийлэл болсон шилдэг  балет “Спартак-ийг Монголын театрын тайзнаа тавьсны 40 жилийн ой энэ онд тохиож байгаа юм. 

Холбоотой мэдээ