“Миягино” дэвжээ “Исэгахама”-тай нэгдэж, Хакүхо туслах ояката боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-03-29 10:03:42

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Японы сумо бөхийн холбооны Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаан өчигдөр болж, “Миягино” дэвжээний талаар хэлэлцлээ.


Зөвлөлөөс тус дэвжээг хааж, ояката, бөхчүүдийг нь “Исэгахама” дэвжээнд шилжүүлэх шийдвэр гаргасан байна. “Хочи ньюс”-ийн мэдээлснээр, “Миягино” дэвжээг хэр удаан хугацаанд хаах талаар тодорхой шийдэл гараагүй аж. Гэхдээ башё бүрийн дараа холбоонд тайлан гаргах ёстой болжээ.


“Исэгахама” дэвжээтэй нэгдэх шийдвэр гарсны дараа “Миягино”-гийн таван бөх зодог тайлах болсноо зарласныг NHK мэдээлжээ. Мэргэжлийн сумод 45 түрүүлж, сумо бөхийн бараг бүх дээд амжилтыг эзэмшсэн, их аварга Хакүхо ийнхүү туслах ояката болох нь ээ.


Сумогийн холбооноос “Миягино дэвжээг бүрмөсөн хаасан хэрэг биш. Миягино ояката хичээж зүтгэн, сайн багш болоосой гэж бид хүсэж байна. Хоёр ёкозүна төрүүлсэн Исэгахама оякатагийн удирдлага дор тэр сайн хүмүүжих болно” гэж мэдэгдсэн байна.

Холбоотой мэдээ