Эх орноо таван улсад сурталчилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-03-29 17:25:25

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Засгийн газраас 2023-2025 оны “Монголд зочлох жил” хэмээн зарлаад байгаа. Энэ хүрээнд аялал жуулчлалын долоо хоногийг 4 дүгээр сарын 15-21-нд зохион байгуулна.


Энэ талаар Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны ажлын албаны дарга М.Нарангэрэлтэй ярилцсан юм.

-Аялал жуулчлалын долоо хоногоор ямар үйл ажиллагаа өрнүүлэх вэ?

-“Tourism week” үйл ажиллагаа зохион байгуулахад эхний өдөр салбарын бодлого, ирээдүйн чиг хандлагын талаар Төрийн ордонд хэлэлцүүлэг өрнүүлнэ. Аялал жуулчлал гэдэгт олон салбар хамаардаг тул бизнес эрхлэгчдийн дунд салбар хуралдаан хийж, тулгамдсан асуудлаа хөндөнө. Аялал жуулчлалын салбар сэргэснээр энэ салбарт шинээр бизнес эрхлэгчийн тоо нэмэгдсээр байгаа. Иймд шинэ старт-аппуудад зориулсан, салбарын үйлчилгээ, онцлогийг танилцуулна.  Ханган нийлүүлэгчдэд зориулсан уулзалт хийж, ямар шинэ, ногоон технологи, стандарт хэрэгжүүлэх, жуулчдыг сэтгэл ханамжтай байлгах хэрэгцээг хангах тухай ярилцана. 


Дараагийн өдрүүдэд нь гадаадын хөрөнгө оруулагч, олон улсын төсөл хөтөлбөр санхүүжүүлэгчдэд дотоодын хөрөнгө оруулалт хэрэгтэй төсөл, хөтөлбөрийг танилцуулах зорилготой. Энэ үеэр манай улс гадаадын хөрөнгө оруулагчдад ямар ээлтэй бодлого барьж буй, бизнесийн орчин болон татварын хөнгөлөлт эдлүүлэх зэргийг ярина. Мөн Монгол, БНТУ-ын аялал жуулчлалын бизнес эрхлэгчдийн салбарын форум зохион байгуулна. Төгсгөлд нь олон улсын аялал жуулчлалын залуусын чуулга уулзалт хийнэ. Аялал жуулчлалын салбар залуу бизнесменүүдийг хөгжүүлэх, чиглүүлэх, тэдэнд хооронд нь сүлжээ үүсгэх боломж олгох 7 хоног байх нь. Энэ үйл ажиллагаанд гадаад, дотоодын 900 орчим оролцогч оролцоно. 


-Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо байгуулаад хагас жил орчим боллоо. Монгол Улсаа гадаадад сурталчлах ямар дорвитой ажил хийж байна вэ?

-Аялал жуулчлалын салбар хууль эрх зүйн орчноо 2023 онд шинэчилснээр мэргэжлийн холбоогоо шинээр байгууллаа. Салбарын бүх холбоог нэгтгэж, нэг бодлогоор ажиллана. Шинэ тогтолцоогоо “Tourism week”-ын үеэр танилцуулах, монголын аялал жуулчлалд ямар нөөц боломж байгааг харуулахыг зорьж, тухайн жилд болох үйл явдлаа нэгтгэж мэдээлэх, салбар дундын хамтын ажиллагааг уялдуулъя гэж байгаа.

Монголоо сурталчлахад яамд хамтарч байгаа. Тухайлбал, ГХЯ визийг нь зохицуулах, ЗТХЯ нислэгийн тоо, давтамжийг санал болгох зэргээр ахицтай ажиллаж байна. Аялал жуулчлалын сэргэлтийн зах зээлд манай улс 2023 онд өсөлт дээгүүр байсан. Цар тахлын өмнөхөөс илүү, 650 мянган жуулчин хүлээн авч, 1.2 тэрбум ам.долларын орлого оруулсан. Гадаадад зар сурталчилгаа хийхэд нэлээн төсөв тавиад байгаа. Үүнээс гадна дотоодод дэд бүтцээ сайжруулахад анхаарна. Улаанбаатар хот дахь зочид буудал 4 мянган орны хүчин чадалтай. Арван мянган ортой байж гэмээнэ нэг сая жуулчин авах боломжийг нээнэ. Иймд богино хугацаанд барих жуулчны баазар газар олгох, бусад улс орон шиг аялал жуулчлалын бүсчлэлийг шийдүүлнэ.


Аялал жуулчлалын бүс гэхээр ТХГН хамаардаг. Учир нь байгалийн үзэсгэлэнтэй, харагдац гоё, жуулчны сэтгэл ханамжид нөлөөлөх, орон нутаг салбарын гол нөөц болоод байна. Үүнийгээ хэрхэн үр дүнтэй ашиглах, тогтвортой аялал жуулчлалын чиг хандлагын төлөө ажиллахад анхаарч байгаа. Түүнчлэн, нуур дагуу барьсан жуулчны баазуудын ус, орчны бохирдлыг ярьж байна. Буулгаж нураах боломжгүй тул байгальд ээлтэй технологи ашиглахыг бодлогоор дэмжиж байна. Ихэнх арилжааны банк ногоон хөгжлийн зээл олгодог. Эко, саарал усны технологи ашигладаг, цахилгаан зарцуулалт нь байгальд ээлтэй байхад зээл олгож байна. Байгаль орчин аялал жуулчлалын салбарт 2023, 2024 онд нийт 110 тэрум төгрөгийн зээлийг эрүүл, аюулгүй, байгальд ээлтэй технологи ашиглахад зориулж олгож байгаа.


-Гадаадын жуулчдад “Go Mongolia” брэндээ хэрхэн хүртээмжтэй танилцуулах вэ?

-“Go Mongolia” үндэсний брэндээ зөвхөн аялал жуулчлалын салбарт бус урлаг, спорт, эмэгтэйчүүд, хүүхэд, залуус, ардчилал гэх мэтчлэн гадаадад сурталчилж болох, экспортын бүх бүтээгдэхүүнийхээ зар сурталчилгаанд нэгдсэн журмаар ашиглана. Монгол Улсын аяллын бүтээгдэхүүн ихэвчлэн байгальд тулгуурласан онцлогтой тул байгалиа хамгаалах үүрэгтэй. Аялал жуулчлалын тогтвортой бодлого барьж, жуулчны баазууд саарал ус болон байгальд ээлтэй технологи ашиглахад хөрөнгө оруулалт, энэ чиглэлийн бизнес үйлчилгээг дэмжих юм. Мөн Соёлын яамтай хамтран соёлын бүтээлч үйлдвэрлэлийг аялал жуулчлалын цогц бүтээгдэхүүн болгож харуулахыг зорьж байна. Түүхэн, соёлын аялал жуулчлалын бүс дагуу бүтээн байгуулалтаа хийж, эргэлтэд оруулах, тодорхой зах зээлд чиглүүлэх бодлоготой байгаа.


-Монголоо таниулах сурталчилгааг БНСУ-д хийж байна. Өөр аль оронд ийм сурталчилгаа хийхээр төлөвлөсөн бэ?

-“Go Mongolia” брэндийн сурталчилгааг БНХАУ, БНСУ, Япон, БНТУ, ОХУ-д хийнэ. Эдгээр орон геополитикийн хувьд манай улстай ойр, шууд нислэгтэй. Мөн эдгээр орны жуулчдын сэтгэл зүйн онцлог нь манай орны ноолууран бүтээгдэхүүнээс эхлээд худалдан авалт сайн хийж, дотоодын үйлдвэрлэлийг дэмждэг. Мөн монголчууд олноор жуулчилж, нэг талын урсгал байхгүй зүүн өмнөд Азийн хэсэг орон бий. Тайландад Монголоо танилцуулаад ирсэн, удахгүй Вьетнам, Хонг Конг, БНХАУ явна. Азийн бүс нутаг дотор манай улс нэлээд сонирхолтой орны тоонд ордог. Зүүн өмнөд Азид эх орныхоо өвлийг сурталчилдаг. Говийн жуулчны бааз, зочид буудлын захиалга яг одоогоор дүүрчихээд байгаа. Иймд аялал жуулчлалын улирлыг уртасгаж, өвлийн жуулчлалыг хөгжүүлэхийг зорьж байна. Дэлхийн алдартай контент бүтээгч “Nas Daily”-гийн үүсгэн байгуулагч Нусейр Ясин өнгөрсөн зун Монголд ирж, контент бүтээгчдийн “Nas Summit” чуулган зохион байгуулж, Монголыг дэлхийд сурталчилсан нь 100 гаруй сая хүнд хүрсэн. Тэрбээр 5 дугаар сард 2 дахь удаагаа ирнэ. Дандаа өвөл болдог фестиваль, өвлийн жуулчны баазуудаараа контент хийсэн байгаа. Хэзээ ч өвлийг хараагүй, нүүдэлчдийн ахуй, соёлыг мэдэхгүй, цас, мөс үзээгүй ард түмэн олон бий. Тэдэнд бид энэ онцлогоо харуулахыг зорьж байна.


-Өнгөрсөн зун Нусейр Ясинаас гадна БНСУ-ын алдартай жүжигчид олноор ирсэн шүү дээ. Энэ жил дэлхийд танигдсан ямар хүмүүс ирж Монголыг сурталчлах бол?

-БНСУ-д одоо болж буй Монголыг сурталчлах шоунд тус улсын хип-хоп одод, бизнесменүүд, олны танил урлаг, соёлын 400 гаруй хүн очиж байгаа. Мөн Японы одууд, инфлүнсэрүүд Монголыг сурталчлахаар 6 удаагийн аялал хийнэ. “Nas Daily”-гийн хамгийн олон дагагчтай БНСУ, Япон, БНХАУ, Тайландын инфлүнсэрүүд монголоор аялсан. Удахгүй 10 саяас дээш дагагчтэй 15 нөлөөлөгчийн хамт ирнэ. Мөн манай тур операторууд олон улсын үзэсгэлэнд оролцож байгаа. Берлиний ITB олон улсын үзэсгэлэн яармагт 12 компани, Тайланд руу 10 тур оператор явж эх орноо сурталчилсан. Манай салбар өрнүүн, нэлээн завгүй ажиллаж байна.

Нөлөөллийн аяныг дотооддоо зохион байгуулж, монголынхоо инфлүнсэрүүдтэй хамтран аялагчдын боловсролд анхаарахаар 100 инфлүнсэр бэлдэх хөтөлбөр зарлаад байгаа. Мөн и-спорт, дэлхийн мисс, олон улсын тэмцээн уралдаан зэрэг урлаг, спортын мэргэжлийн холбоодоор дамжуулан монголоо сурталчилна.


-Цар тахлын үед аялал жуулчлалын салбар тэг зогсож, боловсон хүчнээ нэлээн алдсан. Өнгөрсөн онд сая гаруй жуулчин авсан гэхээр хүний нөөц эргээд сэргэчихэв үү?

-Манай улирлын хамаарлаас зундаа ачаалал огцом нэмэгддэг. Харин энэ үеэр сургууль, цэцэрлэг амарч, багш, ажилчид оюутнууд нь тэр орон зайг сайн нөхдөг юм. Мөн гадаад мэргэжилтэн, тухайлбал, 5 одтой буудлын тогооч, захиалгын системийн менежер зэрэг үнэ цэнтэй ажилчдыг тус салбарт ажиллахад татварыг нь хөнгөлөх хүсэлт тавьж, ХНХЯ-тай тохиролцсоноор татварын 50 хувийг хөнгөлүүлсэн байгаа.


-Эдгээр эрэлттэй мэргэжилтнээ монголдоо бэлдэх боломжтой юу?

-Зочлох үйлчилгээний салбар ТББ-ын нураан дээр явж, өөрсдийн хэмжээнд сургалт зохион байгуулж ирсэн. Харин одоо үйлчилгээний стандартыг заавал мөрдөх журам батална. Иймд аялал жуулчлалын мэргэжлийн холбоо сургалт судалгаа, чанар, ангилал тотоох үүргийг хэрэгжүүлэх юм. БНСУ-ын Засгийн газраас энэ чиглэлийн сургалт судалгааны төвийг БОАЖЯ дэргэд барьж өгч байгаа. Зочид буудлын үйлчилгээ явуулахад зориулсан өрөө тасалгаа, тоног төхөөрөмж бүхий зориулалтын байшин барьж өгч байна. Зургаадугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөөд байгаа. Намраас зочлох үйлчилгээний сургалтуудаа явуулж, сургалтын төвүүдийг төвлөрүүлэн, тогтмолжуулахаас гадна хөдөө орон нутгийнхныг тэндээ байрлах боломжтой болох юм.


-Зөвхөн гадаадын жуулчдад бус дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хэрхэн анхаарч байна вэ?

-Манай орон нутагт иргэдээ хэрхэн аялуулахыг зохицуулдаг механизм нь ажилладаггүй, хог татан төвлөрүүлэх төдий л байдаг. Иймд 21 аймгийн аялал жуулчлалын холбоодыг чадавхжуулж, мэргэжлийн удирдлагаар хангана. Архангай аймагт өнгөрсөн зун мэргэжлийн байгууллага АРА фестиваль зохион байгуулж, машинаа хаана тавих, хогоо яах, бие засах газар ямар байх зэргийг стандартын дагуу хийсэн нь аялагчдад нөлөөллөө. Иймд аймгийн ЗДТГ-т ажлыг үүрэгжүүлж, аливаа үйл ажиллагаа явуулах, санхүүжүүлэх, дэмжих, нутгийн иргэдийг зөвлөлийг оролцуулахыг зохицуулж өгсөн. Орон нутагт болж буй аялал жуулчлалын хөтөлбөрөөс нутгийн иргэд ашиг олно. Саяхан Хөвсгөлд болсон мөсний баярт 50 мянган жуулчин ирлээ. Тэд нэвтрэх хураамж, бүтээгдэхүүн үйлчилгээ авах нь орон нутагт хэрэгтэй. Аялал жуулчлал бүх салбарт өгөөжөө өгдөг.


-Гадаадын жуулчдад зориулан эх орноо нэг өгүүлбэрээр тодотгож хэлнэ үү?

-Монгол бол цэлгэр, уудам нутагтай, унаган төрхөөрөө байгаль экологийн тэнцвэрийг сайн хадгалсан орон. Эрс тэс уур амьсгалтай, жилийн дөрвөн улиралд байгальдаа зохицон, амар тайван амьдарч буй нүүдэлчдийн ахуй, зан заншил давтагдашгүй өвөрмөц, хэв маягтай. Монгол хүн ирсэн гийчдэд маш найрсаг, зочин ирэхэд баярлаж угтдаг онцлогтой ард түмэн учир жуулчдын заавал зорьж очиж сонирхох орны нэг мөнөөс мөн гэж хэлье.

Холбоотой мэдээ